RSS

“ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ”


Элэгний хавдар гэж юу вэ?
Элэгний хавдар буюу элэгний анхдагч өмөн(ЭАӨ) гэдэг нь элэгний эсээс үүсдэг хортой хавдар юм. Элгэнд удаан хугацаагаар үйлчилсэн химийн хортой бодис болон архаг ужиг өвчнүүдийн улмаас элэгний өмөн үүсдэг. Элэг нь харьцангуй том цуллаг эрхтэн учир хавдар бага хэмжээтэй / 5 см-ээс бага голчтой/ үед ямар нэг зовиур, шинж тэмдэг илэрдэггүй. Харин хавдар нь хэмжээгээрээ томорч элэгний бүрхүүл хальс руу нэвчиж ургасан болон цөсний сувгийг дарж бөглөсөн тохиолдолд зовиур шинж тэмдэг нь илэрдэг.  Элгэнд хэд хэдэн хавдрын зангилаа үүсч болох ба цусаар дамжин өөр эрхтэнд тархаж болно.  Өөр эрхтэний хавдар үсэрхийлэн элгэнд хоёрдогчоор хавдар үүсгэх тохиолдол элбэг байдаг. 
Элэгний хавдар хир элбэг тохиолддог вэ?
Манай улсад элэгний хавдар зонхилон тохиолдох хавдрын 40%-ийг эзэлж 1-р байранд орж байна.
Элэгний өмөн үүсгэгч эрсдэлт хүчин зүйлс
Элэгний анхдагч өмөн үүсгэх эрсдэлт хүчин зүйлүүд:
  • В. С вирусээр үүсгэгдсэн элэгний архаг үрэвсэл. ВС вирус нь тариур, цус, цусан бүтээгдэхүүнээр, бэлгийн замаар халддаг болох нь нотлогдоод байна. 
  • Архи: хэтрүүлэн хэрэглэх нь элэгний хатуурал, ЭАӨ үүсгэх үндсэн шалтгаан болдог. / 10 жилийн турш өдөр бүр 400 гр вино юмуу 1.4л пиво уух нь элэгний хавдраар өвчлөх эрсдэлийг үүсгэнэ /
  • Афлотоксин: Үр тариа самаранд үүссэн хөгц, мөөгөнцөрөөс ялгардаг хортой бодис.
  • Хиамны найралганд ордог нитрит, тосон будаг, уусгагч болон гэр ахуйн эдлэл хэрэглэл дэх химийн бодисууд. 
  • Гемахроматоз, Винсоны өвчин зэрэг элэгний хатуурал үүсгэдэг урьдал эмгэг өөрчлөлтүүд

Шинж, тэмдэг, зовиур
Доорхи шинж тэмдэгүүд нь хавдрын хожуу үе хүртэл илрэхгүй байж болно.
1. Хамгийн элбэг тохиолдддог зовиур шинж тэмдэг нь хоолны дуршил буурах, турж эцэх, ядарч сульдах,
2. Хавдар томорсон үед өвчтөнд байнга өвдөлт үүсэх, эсвэл хэвлийн баруун дээд хэсэгт зангилаа, овгор зүйл тэмтрэгдэх,
3. Гэдэс дүүрэх,цардайх,
4. Шарлалт /арьс, нүдний эвэрлэг бүрхүүл/,
5. Элэгний суурь өвчин, хатуурлын улмаас өвчтөний биеийн ерөнхий байдал муудах
Элэгний өмөнгөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
1. Нярай хүүхдийн В вирусын эсрэг вакцинжуулалтанд хамруулах. Манай улс 1992 оноос эхлэн шинээр төрсөн бүх нярайг вакцинжуулалтанд хамруулж байна.
2. Элгийг хордуулдаг архи зэрэг хорт зуршилаас татгалзах,
3. Мах, амьтны гаралтай өөх тосыг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх,
4. Хөгцөрч муудсан үр тариа, самар хэрэглэхгүй байх,
5. Хэрэв та эрсдэлт бүлэгт хамаардаг бол тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаарай.
Оношлогоо
Доорхи шинжилгээнүүд чухал ач холбогдолтой.
1. Цусанд альфафетопротейн (AFP) тодорхойлох Хавдрын маркер нь хавдартай өвчтөнүүдэд өндөр гардаг.
2. ЭХО, компьютер томограмм, цахилгаан соронзон дүрс оношлогооны аргууд
3. Ангиограф - Элэгний хавдрыг тэжээж байгаа судсаар тодосгогч бодис шахаж хавдрыг мэс заслаар авч болох эсэхийг тодорхойлдог арга юм.
4. Элэгний хавдраас эдийн шинжилгээ авах
Ходоодны хавдар гэж юу вэ?
Ходоодны хорт хавдар нь ходоодны аль ч хэсгээс үүсэх ба бусад эрхтэнд тархаж үсэрхийлнэ.
Хеликобактери пилоригоор үүсгэгдсэн ходоодны шарх шархлаа нь ходоодны хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Ходоодны хавдар нь эхэн үедээ ямар ч шинж тэмдэггүй байдаг.
Ходоодны дурангийн шинжилгээ хийн эдийн шинжилгээ авч ходоодны хавдрыг бүрэн оношлоно.
Ходоодны хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэндээ хир зэрэг тархсан, хавдрын үе шат, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарна.
онош тавьдаг.
Ходоодны хавдрын эрсдэл хүчин зүйлд юу хамаардаг вэ?
Дор дурьдсан хүчин зүйлүүд нь ходоодны хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба гэхдээ эдгээр хүчин зүйлд өртсөн хүн бүр хавдраар өвчилнө гэсэн үг биш юм.
• Хеликобактери пилори /Helicobacter pylori/ – Энэ бактерийн халдварын улмаас ходоодонд шарх шархлаа үүсч улмаар хорт хавдарт шилжиж болзошгүй
• Бусад суурь өвчнүүд – Ходоодны архаг үрэвсэл,ходоодны ургацаг.
• Удамшил: 1-р зэргийн / төрсөн аав, ээж, ах эгч г.м/ хамаатан садан нь ходоодны хавдраар өвчилж байсан бол мөн эрсдэлтэй бүлэгт хамаарна.
• Нас: нас ахих тусам ходоодны хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Ихэвчлэн 50 наснаас хойш өндөр эрсдэлтэйд тооцогдоно.
• Хүйс. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү өвчлөмтгий байдаг байна.
• Хооллолт:Давс ихтэй хоол, утсан даршилсан хүнсний бүтээгдэхүүн ходоодны хавдар үүсгэх эрсдэлтэй.
• Тамхи: тамхи нь ходоодны хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ.
• Гарал үүсэл/газар зүйн бүс: Ази номхон далай бүсийн орнууд, хар арьстнуудын дунд ходоодны хавдрын өвчлөл өндөр байдаг. Манай орны хувьд баруун аймгуудад уг өвчин зүүн аймгуудыг бодвол харьцангуй өндөр байдаг.Ъ
Ходоодны хавдраас хэрхэн сэргийлэх вэ?
Ходоодны хавдар үүсгэх шалтгаан бүрэн тодорхой болоогүй байгаа болохоор эрсдэл хүчин зүйлийн нөлөөнд өртөхгүй байх, эрсдэлийг бууруулах замаар ходоодны хавдраас сэргийлж болно.
Хооллолт: Хоол хүнсэндээ аль болох жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэж давсалж, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнийг хориглох.
Тамхи, Архи хорт зуршил: Архи, тамхийг огт хэрэглэхгүй байх, татдаг бол нэн даруй тамхинаас гарах.
Эрүүл мэнд: Хэрэв та хеликобактерийн халдвар авсан эсвэл удаан хугацаанд ходоод гэдэсний сөргөөт өвчтэй байсан бол тогтмол эмчийн хяналтанд байх.
Ходоодны хавдрын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Эрт үеийн ходоодны хавдар хүнд ямар нэг мэдэгдэх зовиур үүсгэдэггүй. Харин хавдрын эд ургаж, томорсны дараа дараах шинж тэмдгүүд үүсч болно.
  • Ямар нэг шалтгаангүй турж эцэх
  • Хоолны дуршил муудах
  • Бага хэмжээний хоол идсэний дараа хэт цадах, гэдэс цанхайх
  • Суулгах эсвэл өтгөн хатах
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Хэвлий аюулхай орчим эвгүй оргих, өвдөх
  • Ядарч, сульдах
  • Өтгөн цустай гарах, цустай бөөлжих
Эдгээр шинж тэмдгүүд нь зөвхөн хорт хавдрын үед бус өөр бусад өвчний үед гардаг шинжүүд боловч ямар ч байсан таныг эмчид эртхэн үзүүлж эрт эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийн анхааруулга дохио юм.
Ходоодны хавдрыг ямар шинжилгээгээр оношлодог вэ?
Хэрэв эмч ходоодны хавдар байж болзошгүй гэж сэжиглэж байвал онош тодруулахын тулд таны өөрийн эрүүл мэндийн байдал, хамаатан садангаас тань хорт хавдраар өвчилж байсан тухай асууж тодруулахаас гадна ходоодны дурангийн шинжилгээ, цусны болон бусад лабораторийн шинжилгээнүүдийг хийнэ.
ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ -ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙН АЛБА

  1. Эх сурвалж: www.cancer-center.gov.mn

Хоол зүйч зөвлөж байна.

ХОДООДНЫ МЭС ЗАСЛЫН ДАРААХ ХООЛ ТЭЖЭЭЛ
  • Хооллох ерөнхий дэглэм
    1. Та өдөрт бага багаар ойрхон 5-6 удаа хооллоорой. Бага багаар хооллох нь хоолонд дасахад ач холбогдолтой.
    2. Хоолыг яаралгүй тайван сайн зажлаж идэх нь чухал
    3. Хооллохдоо хэвтэхгүй байх ба хоол идсэний дараа 1 цаг орчим хэвтэхгүйгээр тайван амраарай
    4. Унтахаас 3 цагийн өмнө оройн хоолыг идсэн байх
    5. Хоолондоо чанартай уургаар баялаг бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй. Уургаар баялаг хүнсэнд сүү, мах, өндөг, буурцаг, шош вандуй, дүпү г.м орно
    6. Цөцгийн тос, цөцгий, ургамлын тос зэрэг хялбар шингэх тосыг сонгож хэрэглэх
    7. Хоолыг хэт халуун, хэт хүйтэн биш хэвийн хэмд, тогтмол цагт хэрэглэж заншаарай
    8. Хоол идэхээс өмнө эсвэл идэснээс 40-60 минутын дараа шингэн /ундаа/-ийг уух
    9. Хэрвээ та хэвтэрт байгаа бол хоол идэсний дараа 450 налуу байдалд хэвтэж амраарай
    10. Аль болох халуун ногоо, хатуу бүхэл хоол, хүнснээс татгалзах
    11. Хоол боловсруулах эрхтэнийг цочроогч эслэг агуулсан хүнсийг аль болох хориглох. Жишээ нь самар, хальстай будаа, түүхий ногоо г/м
    12. Сүүг нэг дор их хэмжээгээр уух нь бөөлжих, дотор муухайрах, гүйлгэх, гэдэс дүүргэх шинж үүсгэдэг учир хориглох эсвэл шингэрүүлж уух хэрэгтэй
    13. Та давсны хэрэглээгээ хэвийн иддэг хэмжээнээсээ багасгаж, хязгаарлах шаардлагатай гэдгийг битгий мартаарай.
  • Ходоодны мэс заслын дараах үеийн хүнсний бүтээгдэхүүний сонголт


    Мэс заслын дараах эхний 1 сард хэрхэн хооллох талаар нэг өдрийн хоолны загвар цэсийг бэлтгэх арга, орцын хамт та бүхэнд танилцуулж байна.
    Хоолны хэмжээг 2-3 өдрийн давтамжтайгаар 50г, 70г, 100г гэх мэтээр 30г-р нэмэгдүүлж нэг сар болоход та 200г хоол идэх юм. Сарын дараа таны хоолны хэмжээ, хоолны бүтэц өөрчлөгдөх ба энэ үед та хоолзүйчтэй зөвлөж дараагийн хоолны цэсийг төлөвлүүлээрэй.
Цагаан будааны шүүс
Орц: Цагаан будаа-15г, ус-500г
Бэлтгэх арга: Цагаан будааг бүлээн усаар 3-4 удаа угааж цэвэрлэн 15минут дэвтээсний дараа, буцалж буй бүлээн усанд хийж 30минут буцалгана. Будааг ялз болсоны дараа шүүн авч цэвэр шүүсийг халуун бүлээнээр ууна.

Шар буурцагны зутан шөл
Орц: Лууван-30г, байцаа-30г, төмс-70г, шар буурцаг-50г, өндөг-1/4ш, цөцгийн тос-5г
Бэлтгэх арга: Ногоогоо сайтар угааж, цэвэрлээд давстай усанд чанана. Чанасны дараа махны машин буюу жижиг нүхтэй шүүрэнд шахаж, нухаж нунтаглана. Шар буурцгийг бүлээн усанд 2-3 удаа угааж 30-40 минут дэвтээнэ. Дэвтсэн буургийг машиндах эсвэл жижиглэж хэрчинэ. Нухсан ногоог буурцгийн хамт махны шөлөнд хийж байнга хутган буцалгана. Шөлний амтыг сайжруулахын тулд өндгийг хийж хутгана. Олгохдоо цөцгий хийж өгнө.
Ногооны шингэн зутан
Орц: Лууван бусад ногоо бүгд-30г, өндөг-1/4ш, цөцгий-5г
Бэлтгэх арга: Ногооны зутан шөлийг бэлтгэхдээ ногоогоо сайтар угааж, цэвэрлээд давстай усанд чанана. Чанасны дараа махны машин буюу жижиг нүхтэй шүүрэнд шахаж, нухаж нунтаглана. Нухсан ногоог махны шөлөнд хийж байнга хутган буцалгана. Шөлний амтыг сайжруулахын тулд өндгийг хийж хутгана. Олгохдоо цөцгий хийж өгнө.

Махны шингэн зутан
Орц: Үхрийн мах-80г, цагаан будаа-20г, лууван-20г, байцаа-20г
Бэлтгэх арга: Гүйцэт болтол чанасан цагаан будааг нарийн шүүрэнд шахаж, нухаж шүүнэ. Лууван байцааг угааж цэвэрлэн чанаж махны машинаар нэг удаа машиндана, эсвэл нухаж болно. Чанаж хөргөсөн үхрийн махыг нарийн шүүртэй махны машинаар 2-3 машиндаад, цагаан будаа, лууван байцааны нухаштай нийлүүлж хутгаад нэг удаа буцалтал халаана, гал дээрээс татаж 70 хэм хүртэл зөөтгөөд шингэлсэн өндөг хийж хутгана. Таваглаад цөцгийн тос хийж олгоно.

Тахианы шингэн зутан
Орц: Тахианы мах-100г, сүү-150г, өндөг-1/4ш, цөцгийн тос-5г, ногоо чанасан шөл-500г
Бэлтгэх арга: Тахиаг чанаж махыг нь яснаас салгаж аваад 1-2 удаа машиндаж, сайн нухна. Ногоо чанасан шүүсээр шингэлж өтгөн, шингэний нь тохируулаад буцалтал халаана. Гал дээрээс татаад, 70 хэм хүртэл хөргөөд шингэлсэн өндөг цөцгийн тос хийж хутгана.

Өндөгтэй төмсний зутан

Орц: Төмс-200г, цөцгийн тос-8г, сүү-80г, лууван-30г, өндөг-1/4ш, гурил-15г
Бэлтгэх арга: Төмсөө арилгаж угаагаад шөлөнд чанана. Чанасан төмсөө халуунаар нь сайтар нухаж шөлөндөө бага багаар хийж, зориулалтын буюу модон хутгуураар сайтар цохиж хутгана. Усаар зутгансан гурил хийж 1удаа буцалгаад халуун сүүнд найруулсан өндөгийг нэмж бэлэн болгоно. Таваглахдаа цөцгийн тос хийж өгнө.

Дүпү, ногооны шингэн зутан
Орц: Лууван бусад ногоо бүгд-30г, өндөг-1/4ш, цөцгий-5г, дүпү-20г
Бэлтгэх арга: Дүпүг нухаж нухаш хэлбэрт оруулна. Ногооны зутан шөлийг бэлтгэхдээ ногоогоо сайтар угааж, цэвэрлээд давстай усанд чанана. Чанасны дараа махны машин буюу жижиг нүхтэй шүүрэнд шахаж, нухаж нунтаглана. Нухсан ногоог дүпүний хамт махны шөлөнд хийж байнга хутган буцалгана. Шөлний амтыг сайжруулахын тулд өндгийг хийж хутгана. Олгохдоо цөцгий хийж өгнө.
  • Ходоодны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд та:
    • Улаан ногоон шар гэх мэт тод өнгийн жимс хүнсний ногоог өдөр тутамд хэрэглэх. Хоногт 400г хүнсний ногоо жимсийг хэрэглэх хэрэгтэй гэж ДЭМБ-с зөвөлсөн байдаг.
    • Давсны хэрэглээг хэвийн иддэг хэмжээнээс бууруулах. Дарсан, давсалсан хүнсний бүтээгдэхүүн, самар зэргээс та аль болох татгалзаарай. Бид бүхний өдөр тутамд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд давс бага хэмжээгээр агуулагддаг гэдгийг та бүү мартаарай.
    • Хоносон болон боловсруулаад удсан хоол хүнс хэрэглэхгүй байх. Хоолыг боловсруулсанаас хойш тасалгааны хэмд 2цагаас илүүгээр хадгалаж болохгүй. Боловсруулсан хоолыг заавал хөргөгчинд хадгалах хэрэгтэй.
    • Нэг дор их хэмжэгээр идэх эсвэл өлсөглөн удаан явахгүй байх.
    • Хэт их өөх тостой хоол хүнснээс татгалзах.
ЗӨВЛӨГӨӨ
  • Эм тариа болон хоол шим тэжээлийн харилцан үйлчлэл
    Эмчилгээний үед зөв хооллох нь хүний биеийн дулааныг тогтмол байлгаж, бие махбодын хэвийн өсөлт хөгжил, нөхөн үржилтийг төлжүүлж, аливаа өвчин үүсэх процессийг эсэргүүцэх чадвартай болгодогоор онцлог шинж чанартай.
    Өвчтөн эмчилгээний үед зохистой зөв хооллох нь маш чухал. Эмчилгээний үеэр тухайн оношид тохирсон зөв тэнцвэртэй эмчилгээний хоолыг хэрэглэх нь биед шаардлагатай шимт бодисоор хангагдаж чадна. Энэ нь хорт хавдрын эмчилгээний үеэр гэмтэж өртсөн эд эсүүдийг нөхөн сэргээхэд шаардлагатай шимт бодисыг бий болгох болон тохирсон жингээ барихад туслах хоолны дэглэм сахих гэсэн утгатай юм.
    Өвчин эмгэгийг эмчлэх явцад олон төрлийн эм тариа хольж хэрэглэх, удаан хугацаагаар уух тохиолдол гардаг.
    Хоол хүнс нь эм тарианы шингэцийг удаашруулах эсвэл эм тарианы үр нөлөөг бууруулдаг ба хурц хортой шинж тэмдэг /жишээ нь: хоол хүнс эм тарианы тохирохгүй үйлчлэл/ нь эмийн эмчилгээний үр дүнд нөлөө үзүүлнэ. Түүнчлэн удаан хугацаагаар эм тариа хэрэглэх явдал нь хоолны дуршил, шингэц муудах, хоолны шингэх үйл ажиллагаа хямрах, аминдэм органик бус бодис алдагдах, шимт бодисын шимэгдэлтийн үйл ажиллагаа зэрэгт нөлөөлнө. Энэ бүх үр дагавар нь хоол шим тэжээлийн байдалд сөрөг нөлөө үзүүлдэг тул хавдрын эмчилгээ хийгдэж буй эмчлүүлэгсэд нь мэргэжлийн хоолзүйчийн зөвлөгөөг авах нь зохистой.