RSS

“ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ”


Элэгний хавдар гэж юу вэ?
Элэгний хавдар буюу элэгний анхдагч өмөн(ЭАӨ) гэдэг нь элэгний эсээс үүсдэг хортой хавдар юм. Элгэнд удаан хугацаагаар үйлчилсэн химийн хортой бодис болон архаг ужиг өвчнүүдийн улмаас элэгний өмөн үүсдэг. Элэг нь харьцангуй том цуллаг эрхтэн учир хавдар бага хэмжээтэй / 5 см-ээс бага голчтой/ үед ямар нэг зовиур, шинж тэмдэг илэрдэггүй. Харин хавдар нь хэмжээгээрээ томорч элэгний бүрхүүл хальс руу нэвчиж ургасан болон цөсний сувгийг дарж бөглөсөн тохиолдолд зовиур шинж тэмдэг нь илэрдэг.  Элгэнд хэд хэдэн хавдрын зангилаа үүсч болох ба цусаар дамжин өөр эрхтэнд тархаж болно.  Өөр эрхтэний хавдар үсэрхийлэн элгэнд хоёрдогчоор хавдар үүсгэх тохиолдол элбэг байдаг. 
Элэгний хавдар хир элбэг тохиолддог вэ?
Манай улсад элэгний хавдар зонхилон тохиолдох хавдрын 40%-ийг эзэлж 1-р байранд орж байна.
Элэгний өмөн үүсгэгч эрсдэлт хүчин зүйлс
Элэгний анхдагч өмөн үүсгэх эрсдэлт хүчин зүйлүүд:
  • В. С вирусээр үүсгэгдсэн элэгний архаг үрэвсэл. ВС вирус нь тариур, цус, цусан бүтээгдэхүүнээр, бэлгийн замаар халддаг болох нь нотлогдоод байна. 
  • Архи: хэтрүүлэн хэрэглэх нь элэгний хатуурал, ЭАӨ үүсгэх үндсэн шалтгаан болдог. / 10 жилийн турш өдөр бүр 400 гр вино юмуу 1.4л пиво уух нь элэгний хавдраар өвчлөх эрсдэлийг үүсгэнэ /
  • Афлотоксин: Үр тариа самаранд үүссэн хөгц, мөөгөнцөрөөс ялгардаг хортой бодис.
  • Хиамны найралганд ордог нитрит, тосон будаг, уусгагч болон гэр ахуйн эдлэл хэрэглэл дэх химийн бодисууд. 
  • Гемахроматоз, Винсоны өвчин зэрэг элэгний хатуурал үүсгэдэг урьдал эмгэг өөрчлөлтүүд

Шинж, тэмдэг, зовиур
Доорхи шинж тэмдэгүүд нь хавдрын хожуу үе хүртэл илрэхгүй байж болно.
1. Хамгийн элбэг тохиолдддог зовиур шинж тэмдэг нь хоолны дуршил буурах, турж эцэх, ядарч сульдах,
2. Хавдар томорсон үед өвчтөнд байнга өвдөлт үүсэх, эсвэл хэвлийн баруун дээд хэсэгт зангилаа, овгор зүйл тэмтрэгдэх,
3. Гэдэс дүүрэх,цардайх,
4. Шарлалт /арьс, нүдний эвэрлэг бүрхүүл/,
5. Элэгний суурь өвчин, хатуурлын улмаас өвчтөний биеийн ерөнхий байдал муудах
Элэгний өмөнгөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
1. Нярай хүүхдийн В вирусын эсрэг вакцинжуулалтанд хамруулах. Манай улс 1992 оноос эхлэн шинээр төрсөн бүх нярайг вакцинжуулалтанд хамруулж байна.
2. Элгийг хордуулдаг архи зэрэг хорт зуршилаас татгалзах,
3. Мах, амьтны гаралтай өөх тосыг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх,
4. Хөгцөрч муудсан үр тариа, самар хэрэглэхгүй байх,
5. Хэрэв та эрсдэлт бүлэгт хамаардаг бол тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаарай.
Оношлогоо
Доорхи шинжилгээнүүд чухал ач холбогдолтой.
1. Цусанд альфафетопротейн (AFP) тодорхойлох Хавдрын маркер нь хавдартай өвчтөнүүдэд өндөр гардаг.
2. ЭХО, компьютер томограмм, цахилгаан соронзон дүрс оношлогооны аргууд
3. Ангиограф - Элэгний хавдрыг тэжээж байгаа судсаар тодосгогч бодис шахаж хавдрыг мэс заслаар авч болох эсэхийг тодорхойлдог арга юм.
4. Элэгний хавдраас эдийн шинжилгээ авах
Ходоодны хавдар гэж юу вэ?
Ходоодны хорт хавдар нь ходоодны аль ч хэсгээс үүсэх ба бусад эрхтэнд тархаж үсэрхийлнэ.
Хеликобактери пилоригоор үүсгэгдсэн ходоодны шарх шархлаа нь ходоодны хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Ходоодны хавдар нь эхэн үедээ ямар ч шинж тэмдэггүй байдаг.
Ходоодны дурангийн шинжилгээ хийн эдийн шинжилгээ авч ходоодны хавдрыг бүрэн оношлоно.
Ходоодны хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэндээ хир зэрэг тархсан, хавдрын үе шат, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарна.
онош тавьдаг.
Ходоодны хавдрын эрсдэл хүчин зүйлд юу хамаардаг вэ?
Дор дурьдсан хүчин зүйлүүд нь ходоодны хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба гэхдээ эдгээр хүчин зүйлд өртсөн хүн бүр хавдраар өвчилнө гэсэн үг биш юм.
• Хеликобактери пилори /Helicobacter pylori/ – Энэ бактерийн халдварын улмаас ходоодонд шарх шархлаа үүсч улмаар хорт хавдарт шилжиж болзошгүй
• Бусад суурь өвчнүүд – Ходоодны архаг үрэвсэл,ходоодны ургацаг.
• Удамшил: 1-р зэргийн / төрсөн аав, ээж, ах эгч г.м/ хамаатан садан нь ходоодны хавдраар өвчилж байсан бол мөн эрсдэлтэй бүлэгт хамаарна.
• Нас: нас ахих тусам ходоодны хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Ихэвчлэн 50 наснаас хойш өндөр эрсдэлтэйд тооцогдоно.
• Хүйс. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү өвчлөмтгий байдаг байна.
• Хооллолт:Давс ихтэй хоол, утсан даршилсан хүнсний бүтээгдэхүүн ходоодны хавдар үүсгэх эрсдэлтэй.
• Тамхи: тамхи нь ходоодны хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ.
• Гарал үүсэл/газар зүйн бүс: Ази номхон далай бүсийн орнууд, хар арьстнуудын дунд ходоодны хавдрын өвчлөл өндөр байдаг. Манай орны хувьд баруун аймгуудад уг өвчин зүүн аймгуудыг бодвол харьцангуй өндөр байдаг.Ъ
Ходоодны хавдраас хэрхэн сэргийлэх вэ?
Ходоодны хавдар үүсгэх шалтгаан бүрэн тодорхой болоогүй байгаа болохоор эрсдэл хүчин зүйлийн нөлөөнд өртөхгүй байх, эрсдэлийг бууруулах замаар ходоодны хавдраас сэргийлж болно.
Хооллолт: Хоол хүнсэндээ аль болох жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэж давсалж, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнийг хориглох.
Тамхи, Архи хорт зуршил: Архи, тамхийг огт хэрэглэхгүй байх, татдаг бол нэн даруй тамхинаас гарах.
Эрүүл мэнд: Хэрэв та хеликобактерийн халдвар авсан эсвэл удаан хугацаанд ходоод гэдэсний сөргөөт өвчтэй байсан бол тогтмол эмчийн хяналтанд байх.
Ходоодны хавдрын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Эрт үеийн ходоодны хавдар хүнд ямар нэг мэдэгдэх зовиур үүсгэдэггүй. Харин хавдрын эд ургаж, томорсны дараа дараах шинж тэмдгүүд үүсч болно.
  • Ямар нэг шалтгаангүй турж эцэх
  • Хоолны дуршил муудах
  • Бага хэмжээний хоол идсэний дараа хэт цадах, гэдэс цанхайх
  • Суулгах эсвэл өтгөн хатах
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Хэвлий аюулхай орчим эвгүй оргих, өвдөх
  • Ядарч, сульдах
  • Өтгөн цустай гарах, цустай бөөлжих
Эдгээр шинж тэмдгүүд нь зөвхөн хорт хавдрын үед бус өөр бусад өвчний үед гардаг шинжүүд боловч ямар ч байсан таныг эмчид эртхэн үзүүлж эрт эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийн анхааруулга дохио юм.
Ходоодны хавдрыг ямар шинжилгээгээр оношлодог вэ?
Хэрэв эмч ходоодны хавдар байж болзошгүй гэж сэжиглэж байвал онош тодруулахын тулд таны өөрийн эрүүл мэндийн байдал, хамаатан садангаас тань хорт хавдраар өвчилж байсан тухай асууж тодруулахаас гадна ходоодны дурангийн шинжилгээ, цусны болон бусад лабораторийн шинжилгээнүүдийг хийнэ.
ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ -ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙН АЛБА

  1. Эх сурвалж: www.cancer-center.gov.mn

1 comments:

Unknown said...

bayarlla mash ih heregtei medeelel oruulsan bn

Post a Comment